2023/11/05 14:44
Электроник хөгжим, визуал дүрслэл хосолсон Kharkhorum фестиваль гурав дахь удаагаа SPIRITS сэдвийн дор 11-р сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena -д амжилттай боллоо.
Kharkhorum Festival дэлхийн эвент стандартад нийцүүлэн тайз, дэлгэц, гэрэл, дуугаралтыг цогцлоохыг зорихоос гадна олон улсын нэртэй уран бүтээлчдийг Монголдоо урин оролцуулж Монголынхоо үзэгч сонсогчдод шинэлэг сонирхолтой experience хүргэдгээрээ онцлогтой. Үүгээрээ дамжуулан Монголын урлаг хөгжим сонирхогчид, уран бүтээлчид болон электрон хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна эвент зохион байгуулалтыг олон улсын жишигт болон уран бүтээлчдэд нийцүүлэн хүргэхийг, нэг шатаар ахиулахыг зорин ажиллалаа.
Цаашлаад Kharkhorum глобал брендийг бий болгох, жуулчдыг татах, аялан тоглолт хийх, Монгол урлаг, уран бүтээлчдийг дэлхий дахинаа таниулах хүсэл эрмэлзлэлтэй. Хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг энэ удаагийн фестивальд электрон хөгжмийн ертөнцөд хамгийн эрэлттэй DJ нар болох HOSH, KOLLEKTIV TURMSTRASSE, Len Faki, Nastia мөн манай улсын хөгжмийн салбарт өөрийн байр суурь, өнгө төрхийг хэдийн тодорхойлж чадсан Asuri, Brutal ZY, Eid55558.555, Enkoolion, Gerlee Merlee, Giin, Henza, Itgel YO, Jik, Khukhjim, Odissey, OG, PJ, Rush, Soyol, TMk, Tukso зэрэг DJ нар оролцсон юм.
Энэ удаагийн фестиваль 2 тайз, 2 тусдаа хөтөлбөр, хэмнэлтэйгээр 2 өдрийн турш зохион байгуулагдав. Хоёр өөр тайзанд өртөөлөн олон улсын болон дотоодын нөлөө бүхий DJ нарын хөгжмийг нэг дор сонсохоос гадна дүрслэх урлагийн биет, хөдөлгөөнт илэрхийлэл бүхий визуал артыг 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан хүргэж дан ганц чих биш мэлмийгээ бясган урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж олгодог онцлогтой.
Энэ удаад гол тайз болох Main Stage хэсгийн тайз заслыг өргөтгөж шинэ хэв бүхий тайз заслыг олны хүртээл болгов. Тоглолтын эхний өдөр main stage буюу төв тайзнаа house хөгжмийн урсгал зонхилж, warehouse тайзанд техно хөгжим эгшиглэх бол 2дахь өдөр төв тайзнаа техно зонхилж warehouse-д house хөгжмийн урсгалуудыг таашаав.
Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн. Харин Kharkhorum фестиваль электроник хөгжмийн rave хэв маягийг түгээх зорилготой бөгөөд Rave хэв маяг нь тухайн зохион байгуулагдах орчны онцлогт тулгуурлан сонсож буй хөгжмөө дотроос нь харж, лазер шоу, визуал дүрслэлээр дамжуулан үзэгчид хөгжимд уусаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн электроник хөгжмийн сонирхогч нарыг бий болгодог. Дашрамд дурдахад, ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал ажиллав.